100ail.mn – 100 айл руу 100 удаа явах шаардлагагүй


Барилгатай холбоотой ажил бүхэнд толгойд хамгийн түрүүнд эргэлддэг нэр бол “100 айл”. Байхгүй зүйл байдаггүй гэмээр энэ газарт хайсан бүхэн байдаг нь сайхан ч цаг гаруй түгжирч очих, зогсоолын эрэлд гарах, олон лангуу хэсэж хэрэгтэй зүйлээ сураглах, эцэс сүүлд нь боломжийн үнэтэйг нь олно гэдэг бодохоос халгам төвөгтэй ажил. Ингэж л зүг гаргасан үеэсээ эхлээд л бүх үйл явц нь хүндрэл чирэгдэл дагуулдаг учраас “100 айл руу 100 явдаг” гэх үг ардын дунд алдаршсан хэрэг. Тэгвэл технологи хөгжсөн дижитал эрин зуунд уг асуудлуудыг шийдэхээр “Цахим 100 айл” гарч ирсэн гэх бодохоос баярлам таатай мэдээг танд дуулгая.  

Нэр: Цахим зуун айл платформ ХХК
Хаяг: Сансарын И-Мартын хойно Seoul Business Center-ийн гуравдугаар давхарт
Чиглэл: Барилгын материалын цахим худалдаа
Үүсгэн байгуулагч: Л.Дагвасүрэн, Г.Хандмаa

Үүсгэн байгуулагдсан: 2021 оны нэгдүгээр сар
Холбоос: 100ail.mn (Вэб), 100ail.mn / Цахим Зуун Айл (Фэйсбүүк), info@100ail.mn (имэйл)

Үүсгэн байгуулагч: Г.Хандмаа, Л.Дагвасүрэн

СЭДЭЛ

Аливаа засвар, барилга байшингийн ажил гарахад зөвхөн Улаанбаатар хотынхон ч биш, бараг л нийт улсаараа 100 айл руу гүйдэг шүү дээ. Ялангуяа энэ талын туршлага мэдлэггүй хүмүүс хэрэгтэй зүйлээ боломжийн үнээр олохын тулд хэдэн өдөр дамнан очиж, цагаа алдах нь ч бий. Энэ тал дээр бид сүүлийн таван жилийн турш цэцэг хүргэлтийн үйлчилгээг цахимжуулах tsetseg.mn-ийг ажиллуулж байсан туршлагатай л даа. Энэ туршлагадаа үндэслэн онлайнаар худалдан авах боломжтой механик худалдан авалтуудыг хялбарчлахаар 100 айлыг цахимжуулах уг төслөө эхлүүлсэн.

ЯЛГАРАЛ

Барилга байгууламж, засвар үйлчилгээний ажил гарсан тохиолдолд ажлынхаа дундуур цагаа зайчилж, хотын түгжрээнд явж цаг алдалгүйгээр манай сайтруу хандаад 100 айлд зарагдаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний нөөцийн хэмжээ, үнэ тариф зэрэг хэрэгцээтэй мэдээллийг нэг дор авах боломжтой нь бидний үндсэн ялгарал. Хамгийн гол нь сайт дээр буй бараа бүтээгдэхүүний үнэд ямар нэгэн нэмэлт шимтгэл ороогүй ба үйлчлүүлэгч бүтээгдэхүүнээ 100 айлын үнээр авч буй хэрэг юм. Мэдээж захиалсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төрөл бүрийн тооцооны шийдэл ашиглан зайнаас төлөх боломжтойгоос гадна бидний хамтран ажилладаг “Монгол Илгээмж“-ийн үйлчилгээг ашиглан өөрийн байгаа газраа хүргүүлээд авч болно.

Хэрвээ та энэ чиглэлийн туршлага мэдлэг багатай, худалдагч борлуулагчаасаа тусгайлсан зөвлөгөө авч, санал солилцсоны үндсэн дээр бүтээгдэхүүн авах шаардлагатай бол манай 77-100-100 дугаарын лавлах утсанд холбогдоод мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө мэдээллээ авахад хүндрэлгүй. Сайт дээрээ ч бүтээгдэхүүний мэдээллийг хангалттай хэмжээгээр оруулахыг хичээж байгаа. Энэ нь ажлын байран дээрээ байнга сууж ажиллах шаардлагатай байдаг завгүй цагийн хуваарьтай хүмүүс, хөдөө орон нутгийн иргэд, хүн бүл багатай, машин унааны асуудалтай олон хүнд давуу тал болж чадна.

Мөн цахим худалдааны зарчмыг үйл ажиллагаандаа сайтар баримталж хэрэглэгч гомдолтой нөхцөлд бараа буцаалтын үйлчилгээг үзүүлж, хохирлыг барагдуулах чиглэлд онцгой анхаардаг. Бид аль ч цаг үед энэ шийдлээрээ хүмүүсийн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг бодитоор хэмнэхийг хичээх болно.

100AIL.MN ГЭЖ ЮУ ВЭ?

Хүн бүрийн хувьд ажиллаж амьдрах орчин гэдэг нандин ертөнц нь байдаг. Тэрхүү ертөнцийг гайхалтайгаар бүтээн бий болгох аялалын түнш нь 100аil.mn байх болно.

НЭР

Тодорхой, ойлгомжтой, хайлт хийхэд хялбар, хэрэглэгчдэд төөрөгдөл үүсгэхгүй.

ОДОО

Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш бараг нэг жилийн дараа вэбийнхээ 2.0 хувилбарыг хагас жил шахамын хугацаанд ажиллан, өнгөрсөн долоо хоногт нээгээд байна. Өмнөх вэб маань одоогийнхоос учир дутагдалтай, бүрэн дүүрэн ажилладаггүй байсан бол энэ удаагийн шинэчлэлийг бид “Cody“-той хамтран хийсэн нь хэрэглэгчид, үйлчлүүлэгчдэд маань ихээхэн таалагдаж байгаа шүү. Хэдийн эхний захиалгуудаа аваад, хүргэлт хийгдээд, асуудалгүй ажиллаад эхэлсэн.

БАГ

Биднийг анх гарч ирсэн үеэс л хэрэглэгчдэд энэ төрлийн үйлчилгээ дутагдаж байсан нь ихээхэн мэдрэгдсэн. Дээр дурдсанчлан манай эхний вэб хөгжүүлэлт тийм ч сайн байгаагүй хэрнээ л хандалтын тоо, худалдан авалтын хэмжээ нь багийн хүчин чадлаас давж байсан л даа. Энэ нь бидэнд бизнесээ дараагийн шатанд гаргах, моделио хөгжүүлэх шаардлага их байгааг ойлгуулсан явдал болсон юм. Үүн дээр бидэнд “MStars Hub“-ын хамт олон тун үр дүнтэй тусалсан шүү.

Яг одоогийн байдлаар бид цөөн хүнтэй, өндөр бүтээмжтэй ажиллахад анхаарч байгаа бол тун удахгүй буюу барилгын ажлын улирал эхлэхээр багаа нэлээд олон хүнээр өргөжүүлэхээр төлөвлөөд байна. Ирж буй захиалга, ажлын ачааллаа аваад үзвэл дунджаар 54 хүний бүрэлдэхүүнтэй болтлоо томрох шаардлагатай байгаа.

ИРЭЭДҮЙ

Аливаа зүйлийг худалдан авах, судлах үйл явцыг илүү хялбар, илүү амар болгох нь л бидний зорилго. Үүний тулд шаардлагатай бүх зүйлсийг хийж байна. Жишээ нь, харилцагч хариуцсан менежерүүд маань долоо хоног тутамд хоёр удаа мерчантуудтай холбогдож, тэдний барааны үлдэгдэл, шинэчлэлийг сайт дээр цаг алдалгүй хийж, 100 айлын худалдаачдын технологийн хэрэглээ мэдлэгийг нь нэмгэдүүлэх чиглэлд зөвлөгөө, мэдээлэл өгч ажилладаг.

Мөн сайт дээр 5-10 сая төгрөгийн урт хугацаатай онлайн зээлийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. 100 айл дээр очоод хугацаа нь боломжийн хувь зээл хурдан шуурхай гаргуулна гэж байхгүй шүү дээ. Энэ мэт өмнө нь байгаагүй олон боломжийг сайт дээрээ нэвтрүүлнэ. Одоогоор барилгын ажил үйлчилгээний “Артум“, СӨХ-ийн харилцааг шийдсэн “ИСөх” зэрэг платформуудтай интеграц хийн хамтарч байна. Ингэснээр барилгын материалаа аваад, гүйцэтгэгчээ олох, ахуйн хэрэглээний зүйлсээ төвөггүйгээр захиалах гэх мэт олон боломж манайд нэмэгдсэн.

ЭРСДЭЛ

100 айл бол шууд хэлэхэд барилгын салбартаа монопол болсон байршил, брэндинг л дээ. Энэ ч утгаараа манай платформ байсан байгаагүй хангалттай ачаалалтай, орлоготой, худалдан авагчтай олон худалдаачид бий. Тэдгээр бүх хүмүүсийг ашиг сонирхлоор нь нэг платформд нэгтгэнэ гэдэг тун ч ярвигтай байдаг. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэдэг шүү дээ. Зарим худалдаачид яг энэ зарчмаар л харах гээд байх тал бий. Хэдий өнөөдрийн ашиг хангалттай ч ирээдүйн худалдааны жишгийг ойлгуулах нь эхэндээ нэлээд том сорилт байсан.

Гэхдээ мэдээж ихэнх нь тун ч дуртай хүлээн авсныг дурдах хэрэгтэй. “Угаас бизнесээ цахимжуулах гээд нэг л эвээ олохгүй байсан юм. Танайх ийм бэлэн юм гаргаад ирсэн бол эргэлзэх зүйлгүй нэгдэнэ” хэмээсэн хүмүүсийн ачаар одоо 100ail.mn харьцангуй тогтворжиж ирж байна. Одоо бид 100 айлыг бүрэн дүүрэн цахимжуулах гэхээс илүү 100 айлаас олж болох бүх л зүйлсийг бүртгэлжүүлж харилцан ашигтай үнэ цэн бий болгоход анхаардаг.

Ярилцсан Г. Оюунлхам unread.today

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top