Л.Дагвасүрэн: 100ail.mn бол барилгын материалын цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээтэй цогц платформ

Барилгын материалыг хайж олох, харьцуулалт хийх, үнийн мэдээлэл авах, цахимаар худалдан авч хүргүүлэх шийдэлтэй 100ail.mn платформыг үүсгэн байгуулагч Л.Дагвасүрэнтэй ярилцлаа.

Ярилцлагаа бизнесээ үүсгэн байгуулсан түүхээс эхлүүлье. 

Бид “Цахим худалдаа” ХХК-ыг байгуулж Tsetseg.mn цэцэг хүргэлтийн үйлчилгээгээр анх бизнесээ эхлүүлж байсан. Манай компани Монгол Улсын цахим худалдааны хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж байгаа бөгөөд “Цахим 100 айл” бол манай хоёр дахь төсөл. Би хувьдаа байшин барих гэж барилгын материал цуглуулж явахдаа 100 айл зах орчмын асуудлыг анзаарсан. Замын түгжрэл, эмх цэгцгүй байдал, үнийн зөрүүтэй байдал, хамгийн гол нь үйлчилгээ авахад ихээхэн хүндрэлтэй байдаг. Эндээс л барилгын материалын цахим худалдааг хөгжүүлэх сэдэл төрж 100ail.mn сайтаа нээн захиалгын дагуу хүргэлт хийж эхэлсэн. Манай сайт нээгдээд удалгүй “Ковид-19” цар тахал гарснаас үүдэлтэйгээр веб сайтын маань эрэлт идэвхэжсэн. Ихэнх захиалагч нь орон нутгийн иргэд байсан бөгөөд тэд 100ail.mn-ээр удаа дараа худалдан авалт хийж, эерэг сэтгэгдэлтэй байсан нь бидэнд урам зориг өгч энэ салбарыг цахимжуулах боломжтой юм байна, шийдэл байгаа юм байна, энэ сайт хүмүүст маш хэрэгтэй зүйл байна гэх итгэлийг төрүүлсэн. Ингээд 100ail.mn  цахим худалдааны үйл ажиллагаагаа эхэлсэн дээ.

100ail.mn гэхээр зөвхөн Зуун айл орчмын барилгын материалын захаас бүтээгдэхүүнээ нийлүүлдэг гэж ойлгож болох уу? 100ail.mn гэж нэрлэсний учир нь?

Ерөнхийдөө 100 айл орж үзээгүй хүн гэж байхгүй байх. Орж үзээгүй хүн байсан ч “100 айл руу 100 явдаг” гэсэн үгийг сонссон байдаг. Монгол хүмүүс “100 айл” гэдэг нэрийг барилгын материал гэдэг үгтэй ижил хэмжээнд хүлээж авдаг болсон. Тиймээс л бид энэ нэрийг хэрэглэж “Цахим 100 айл”-ыг бий болгоё гэж шийдсэн. Харин барилгын материалыг чанартай, өргөн сонголттой байлгахын тулд зөвхөн 100 айл гэлтгүй  нийслэлийн бүхий л томоохон бөөний төв, үйлдвэрээс нийлүүлэлтээ хийдэг. Ингэхдээ хамгийн боломжит үнийн саналыг бид хэрэглэгчдэд санал болгодог.

Та бүхэн өөрсдийн үйл ажиллагаандаа өрсөлдөх чадварын хувьд ямар давуу тал бий болгохыг зорьдог вэ?

Энэхүү үйлчилгээг үзүүлж эхэлснээр хамгийн гол нь бид хэрэглэгчдийн цаг, мөнгийг хэмнэж байгаа юм. Тэд гадуур олон газраар явж судалгаа хийх хэрэггүй болсон. Бид бүх судалгааг нь хийж сайт дээрээ нээлттэй байршуулснаар цогц мэдээлэл авч өөрсдийн алт мэт үнэлэгдэх цагаа хэмнэх бүрэн боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна хэрэглэгчид захиалж буй зүйлсийнхээ хэмжээ, жин, материалын шинж чанарууд болон  хэрхэн хэрэглэх талаарх мэдээллийг авч болно. 

100ail.mn платформ 10 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй барилгын материалыг хүү багатай “ногоон зээл”-ээр олгож эхэлж байна.

Дээрх мэдээллийг шууд утасны зөвлөгөө болон онлайн туслах үйлчилгээг авч та гэртээ сууж байгаад л байшингийнхаа тооцооллыг бодох боломжийг бид бүрдүүлж байгаа юм. Хүсвэл  та 10 сая төгрөг хүртэлх үнийн дүн бүхий “цахим зээл” авч цахим худалдаагаар авсан бараа материалаа хүссэн газартаа хүргүүлэх боломжтой.

Барилгын материалын худалдаанд таны хэлсэн зээлийн үйлчилгээ хувь хүнд олгогдох нь содон сонсогдож байна. Энэхүү үйлчилгээг иргэд ямар шалгуураар авах боломжтой вэ? 

Бид энэ үйлчилгээг “Худалдаа хөгжлийн банк”-тай хамтран хэрэгжүүлж эхэлж байгаа. Хэрэв та энэхүү зээлд хамрагдахыг хүсвэл 100ail.mn рүү нэвтэрч өөрийн авахыг хүссэн бараа бүтээгдэхүүнээ сонгоод “цахим ногоон зээл” гэсэн сонголтыг хийнэ. Тэгснээр таны мэдээллийг банк цахимаар судалж зээл олгох боломжтой эсэхийг судалж үздэг. Банкнаас зээл батлагдсан даруйд бид таны захиалсан барилгын материалыг түргэн шуурхай хүргэж өгөх болно. “Цахим ногоон зээл” учир бизнесийн зээлээс бага хүүтэй, тавигдах шаардлага нь ч багатай байгаагаараа хэрэглэгчдэд ашигтай болж байгаа юм.

100 айлын худалдааны төвүүд болон бизнес эрхлэгчидтэй та бүхэн ямар хүрээнд хамтран ажилладаг вэ?

Бид үйлдвэрлэгч, импортлогчдын цахим борлуулалтыг хариуцан ажиллах бөгөөд одоогоор 250 гаруй байгууллага, хувь хүнтэй хамтын ажиллагаа эхлүүлээд байна. Мөн өөрсдийн платформыг бүтээж түүгээрээ дамжуулан 100 айлыг цахимжуулснаар хэрэглэгчдэд асуудлаа амар аргаар шийдвэрлэх боломжийг олгож байгаа юм. 

Онцлон хэлэхэд, бид барилгын материал худалдаалагчдад энэхүү плафтормыг ашиглан борлуулалтаа цахимжуулах боломжийг нэмэгдүүлж байгаа болохоос тэдний хийж байгаа бизнестэй өрсөлдөж зах зээлийг нь булаалдахгүй гэсэн зарчмыг баримталдаг.

Танай үйлчилгээнд борлуулагдаж буй нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн эзэлж байна вэ? Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих тухайд та бүхэнд ямар нэгэн зорилго байгаа юу?

Манай 100ail.mn дээр борлуулагдаж буй бүх барилгын материалын 30% нь үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн. Бид үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой гэдгийг мэдэрч эхэлсэн. Үндэсний үйлдвэрлэгчид ч бидэнтэй хамтран ажиллахдаа таатай байгаа.

Барилгын материал үйлдвэрлэгчид танайхтай хамтраад эхэлжээ. Харин  барилгын төсөл хөгжүүлэгч компаниудаас танайхтай хамтран ажиллах санал тавьж байна уу? 

Бизнесийн бүхий л салбар цахимжиж байгаатай холбогдуулан барилгын салбарынхан ч энэ чиг хандлагыг дагаж байна. Бидэнтэй нягт хамтран ажилладаг байгууллагууд бий болж эхэлсэн. Тэд үнийн санал авахдаа олон газартай утсаар ярьж үнэ асууж, харилцахгүйгээр шууд л сайт дээрээс үнийн саналаа автоматаар авч хүсвэл нэг дороос хүргэлтээ хийлгэх боломжтой болсон. Бид цаашид байгууллагад зориулсан хэсгээ хөгжүүлж байгууллагуудад барилгын материалыг цогцоор нь ханган нийлүүлэхээр ажиллаж байна.  

Та ярилцлагын эхэнд 100 айлын барилгын материалын захаар үйлчлүүлэхэд ихээхэн хүндрэлтэй гэж хэлсэн. Харин “Цахим 100 айл” өөрсдийн үйлчилгээнд, ялангуяа захиалагчдын сэтгэл ханамжид хэрхэн анхаарч байна вэ?

Бид хэрэглэгч төвтэй цахим худалдаа хөгжүүлэхийг зорьж байгаа. 100ail.mn бол платформ, аль болох хүний оролцоогүйгээр асуудлаа шийдэх боломж, бас шийдэл байх ёстой үзсэн. Гэхдээ хэрэглэгчдэд өндөр дүнтэй худалдан авалт хийхэд заавар зөвлөгөө, туслалцаа хэрэгтэй болдог. Тиймээс бид энэ тал дээр анхаарч харилцааны бүхий л сувгийг нээлттэй ажиллуулдаг. Хүсвэл та манай онлайн туслах уруу чат, мэйл бичиж сошиалаар холбогдож болно. Эсвэл шууд 77100100 утас руу залган хэрэгтэй зөвлөгөө, мэдээллээ авах боломжтой. Энэ тал дээр ямар нэгэн бэрхшээл тулгарахгүй. 

Бид барилгын материал худалдаалагчдад энэхүү плафтормыг ашиглан цахим шилжилт хийх боломжийг нээж өгч байгаа болохоос тэдэнтэй өрсөлдөх бизнес хийхгүй

Манай захиалгын баг хэрэглэгчийг их, бага худалдан авалт хийж байна гэж ялгахгүй. 1литр будаг эсвэл 1ширхэг багс худалдан авсан ч хүргэж өгөх, найдвартай түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх гэж хичээж байна.  

Барилгын материал борлуулагчид НӨАТ-ийн баримт өгөхгүй байх нь элбэг. Танай платформ энэ асуудлыг шийдэж байгаа юу?

Бид худалдан авагчдад НӨАТ-ын баримт олгож байгаа. Мөн байгууллага хоорондын НӨАТ-тай холбоотой худалдан авалт хийх тохиолдолд баримтыг мэйл хаягаар нь 24-48 цагийн хооронд шивж илгээдэг. 

Барилгын материал худалдан авалт хийхдээ заавал харж, барьж үзэхийг хүсдэг. Тиймээс танай шинэ үйлчилгээг хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэхэд ямар сорилт, бэрхшээл тулгарч байна? 

Барилгын материал нь харьцангуй түгээмэл хүмүүс ерөнхийдөө сайн мэдэж байдаг учраас заавал очиж үзнэ, харна гэх хүмүүс цөөхөн. Хэдий тийм боловч бид ирж үзэхийг хүссэн хүмүүст шоүрүүм-ээр үйлчилж байгаа. Мөн буруу бараа материал сонгосон, захиалагчийн сэтгэлд нийцээгүй тохиолдолд бидний зүгээс буцаах боломжийг ч бүрдүүлж өгсөн.

Үүнээс гадна бид бараа материалыг төдийлөн сайн мэдэхгүй хэрэглэгчдэд хандан хэрхэн ашиглах талаар контентууд хийж эхэлсэн. Үүнийг бараа бүрт хийхээр төлөвлөж байна. Жишээлбэл, гипсэн хавтан яаж хэрэглэх, ханын цаасыг яаж наах зэрэг контентуудыг хийж эхэлсэн. 

Үйлчлүүлэгч нэг барилгын материал захиаллаа гэж бодъё. Гэтэл танай байгууллага хамгийн боломжийн үнээр, чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж чадаж байгаа эсэхийг захиалагч хэрхэн мэдэх вэ? 

Манай байгууллага 250 гаруй газраас бараа материал нийлүүлж байгаа учраас хамгийн боломжит сайн үнээр барилгын материал нийлүүлж байгаа гэдэгт та бүрэн итгэж болно. Мөн 3000 нэр төрлийн барааг платформдоо байршуулж хэрэглэгчдэд бөөний үнээр нь санал болгодог. Цахим үйлчилгээгээр явагдаж байгаа учир биднээр үйлчлүүлсэн бол буцаах боломжтой, төлбөрийн уян хатан шийдэлтэй байгаа нь итгэлцлийг илүү нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Би энэхүү үйлчилгээг хэрэглэгч, бизнес эрхлэгчдийг холбох “гүүр” хэмээн харж байна. Танай үйлчилгээ хоёр талд ямар хэмнэлт өгч байна гэж үзэж байна вэ?

Бизнес эрхлэгчид цахим талбарт байршиж байгаа учраас хамгийн хямд үнийг хэрэглэгчдэд өгч байгаа. Харин бизнес эрхлэгчид томоохон программ хангамж хөгжүүлэх зардлаа хэмнэх боломжтой болж байгаа юм. Нөгөө талдаа барилгын материал худалдан авагч нь олон газраар явж судалгаа хийх, удаа дараагийн тээвэрлэлт хийж байснаас нэг дор цахимаар худалдан авалт хийж, цогцоор нь хүргүүлэх нь зардал, цагаа хэд дахин хэмнэж байна хэмээн үзэж болно. 

Та бүхэн бизнесийн үндсэн сууриа  бэхжүүлэхэд хэрхэн анхаарч, өөрсдийн нөөц бололцоогоо ямар хэмжээнд хүргэсэн бэ? Хэдий хугацаанд захиалагчдад захиалгыг нь хүргэх боломжтой вэ? 

Цахим зуун айлыг бий болгохын тулд манай компани шилдэг технологиудыг ашиглаж байгаа. Бизнесээ системээр хөгжүүлэх ажлыг тогтмол хийдэг. Мөн хэрэглэгчдийн санал хүсэлт дээр үндэслэн бизнесээ улам төгөлдөржүүлэх ажлыг хийж байна.

Хүргэлтийн хувьд Улаанбаатарт хамгийн хурдандаа 2 цагийн дотор хүргэж өгч энгийн захиалгыг 24 цагийн дотор хүргэх үйлчилгээг үзүүлж байна. Харин орон нутгийн хүргэлтийг 21 аймгийн унаанд хүргэн өгч мэдээллийг нь өгдөг. 

Та бүхэн “Цахим Зуун Айл платформ” ХХК-ийн алсын харааг юу гэж тодорхойлсон бэ?

Бид өөрсдийн алсын харааг “Хүн бүрийн ажиллах, амьдрах орчин тухайн хүндээ гайхамшигтай ертөнц байдаг. Тэр ертөнцийг нь бүтээн бий болгох аяллын итгэлт түнш байна” хэмээн тодорхойлсон.

Цахим худалдааны компанийг удирдахад ямар онцлог, бэрхшээлтэй тулгарч байна вэ? Компани удирдсанаар юуг ойлгож авсан вэ? 

Дэлхий дээр цахим худалдаа хөгжөөд удаж байна. Монголд цахим худалдаа хурдтай хөгжиж байгаа гэж үздэг. Цаашид улам л хөгжинө гэж бодож байгаа. Манай компанийн хувьд Олон улсын Стартап хөгжүүлэх GAN нийгэмлэгийн гишүүн МСтарс Хаб, М Си Эс Венчерсээс зохион байгуулсан Стартапын хурдасгуур хөтөлбөрт амжилттай хамрагдаж бизнесээ хөгжүүлж байна. Гадаад, дотоодын туршлагыг ч тогтмол нэвтрүүлж байгаа.

Цахим худалдаа ч бай уламжлалт худалдааны бизнес ч бай бизнес бол мэргэжлийн хүмүүсээр баг бүрдүүлж хийх ёстой ажил. Миний баримталдаг болон суралцаж байгаа зарчим бол хийх ёстой зүйлээ мэддэг хүмүүсээр чадварлаг баг бүрдүүлэн ажил үүргээ гүйцэтгэх нь чухал гэдгийг ойлгосон. Маркетинги хийх гэж байгаа бол маркетингийн компаниар, программ хангамж хийлгэх шаардлагатай бол программын багаар хийлгэж, харин бизнес эрхлэгч үндсэн санаагаа хөгжүүлэх ёстой гэдгийг баримтлан ажиллаж байна. Бүх юмыг өөрсдөө хийнэ гэдэг бол бүтэшгүй гэдгийг мэдэрсэн дээ.

Ярилцсан: Ж. Батзул business.mn

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top